~Сайхан үгс нь хэлхээтэй сувд мэт~

Хамгийн гоё

Хялбар хайлт


Биднийг дэмжээрэй


Танд баярлалаа. Сайн үг тарааж сайны үрийг тарьцгаая.

Долоон дэлбээт цэцэг

Женя хэмээх охин байжээ. Нэгэн удаа ээж нь түүнийг дэлгүүр уруу цагирган боов авахуулахаар явуулжээ. Охин долоон шүүшиг: аавдаа хоёр гоньдтойг, ээждээ хоёр намуу цэцэгтэйг, өөртөө хоёр чихэртэйг, харин дүү Павликдаа нэг бяцхан ягаан өнгөтэйг авчээ. Хэлхээтэй шүүшигнүүдээ аваад гэрийн зүг явлаа. Замдаа хаяг уншин, хэрээ тоолсон шиг хайхрамжгүй явж байв. Харин тэр хооронд нь нэг нохой араас нь даган бүх шүүшигийг нь нэг нэгээр нь идчихжээ: эхлээд аавынх нь гоньдтойг, дараа нь ээжийнх нь намуу цэцгийн үртэйг, тэгээд Женягийн чихэртэйг. Женяд цагирган боов нь нэг л хөнгөхөн болсон мэт санагдав. Эргээд хартал аль хэдийн оройтсон байлаа. Хэлхсэн утас нь хоосон санжигнаж, нохой хамгийн сүүлийн Павликийн ягааныг идэж дуусаад амаа долоож байв.
“Аа, муу адгийн нохой!” гэж Женя хашгираад барьж авахаар араас нь хөөв. Гүйсээр гүйсээр гүйцсэн ч юмгүй өөрөө харин төөрч орхисон байв. Эргэн тойрноо харахад өндөр байшин байхгүй, дан жижиг байшинтай бүүр мэдэхгүй газар хүрээд иржээ. Женя айгаад уйлж гарав.
Гэнэт хаанаас ч юм бүү мэд нэг эмгэн гараад ирэв. “Охин минь, охин минь, юунд уйлаав?” хэмээн асуув. Женя эмээд бүгдийг ярьж өглөө. Эмгэн охиныг өрөвдөн цэцэрлэгтээ дагуулан ороод “Уйлах хэрэггүй дээ, би чамд туслая. Надад шүүшиг бас мөнгө байхгүй л дээ. Харин цэцэрлэгт маань хүслийг биелүүлдэг долоон дэлбээтэй нэгэн шидэт цэцэг ургадаг юм. Жаахан алмайрч анхааралгүй явдаг ч чамайг сайн охин гэдгийг би мэднэ. Чамд би долоон дэлбээт цэцгээ бэлэглэе, тэр чамд бүгдийг бүтээж өгнө” гэв. Ингэж хэлээд эмгэн балжингарам цэцэгтэй төстэй гоёмсог цэцгийг тасдан авч Женя охинд өглөө. Тэр цэцэг шар, улаан, ногоон, хөх, улбар шар, ягаан, цэнхэр гээд өөр өөр өнгөтэй долоон тунгалаг дэлбээтэй аж. “Энэ цэцэг энгийн биш. Чиний хүссэн бүхнийг биелүүлнэ. Ингэхийн тулд аль нэг дэлбээг тасдан хийсгээд,


Нис нис дэлбээхэн
Өрнийг дамжин дорно хүртэл
Умардаар дамжин өмнөдөөр дамжин
Тойрон тойрон буцаад ир
Хөрст газар хүрмэгц
Хүслийг минь биелүүлээрэй
Ийм..., тийм... хүсэл минь биелэх болтугай
гэж шившээрэй. Тэр даруйд л биелэх болно. Женя эмгэнд эелдэгээр талархан хаалгаар гармагцаа гэртээ хүрэх замаа мэдэхгүйгээ саналаа. Тэгээд цэцэрлэг уруу буцан очиж хамгийн ойрын цагдаагийн газар хүргэн өгөхийг гуйх гэтэл урьд нь байгаагүй юм шиг эмгэн ч байдаггүй, цэцэрлэг ч байдаггүй. Яаана аа? Женя нөгөө л уйлдгаараа, бүр хамраа атиралдуулж ирээд уйлж гарав. Гэнэт шидэт цэцгийг саналаа. За, энэ долоон дэлбээтэй цэцэг гээч нь юу болохыг үзье! гээд Женя түргэхэн шиг шар дэлбээг таслан хийсгээд:

Нис нис дэлбээхэн
Өрнийг дамжин дорно хүртэл
Умардаар дамжин өмнөдөөр дамжин
Тойрон тойрон буцаад ир
Хөрст газар хүрмэгц
Хүслийг минь биелүүлээрэй
Шүүшигтэйгээ гэртээ очсон байх болтугай
гэж амандаа шившив.

Хэлж дуусав уу, үгүй юу л хэлхээтэй шүүшигнүүдээ барьчихсан гэртээ зогсож байх нь тэр. Ээждээ шүүшгээ өгчихөөд дотроо бодлоо: "Энэ үнэхээр гайхалтай цэцэг болохоор хамгийн гоё вааранд л байх ёстой". Женя жижигхэн охин болохоор сандал дээр гараад хамгийн дээд тавиур дээр байгаа ээжийнхээ хайртай вааранд хүрлээ.

Яг тэр үед цонхны дэргэдүүр гай болж хэдэн хэрээ нисэж байв. Женя ч мэдээж долоо юу, найм уу, яг хэдэн хэрээ байгааг мэдмээр санагдаж амаа ангайлган, хуруу даран тоолж эхлэлээ. Харин ваар доошоо унаж жижиг хэсгүүд болон бяц үсрэв. “Чи дахиад л юм хагалчихаа юу, моньд чинь? Арай миний хамгийн хайртай ваар биш биз?” гэж ээж нь галын өрөөнөөс хашгирах нь тэр. “Үгүй ээ, ээж ээ, үгүй, би юу ч хагалаагүй. Та л тэгж сонссон байх!” гээд Женя агшин зуур улаан дэлбээ таслан хийсгээд,

Нис нис дэлбээхэн
Өрнийг дамжин дорно хүртэл
Умардаар дамжин өмнөдөөр дамжин
Тойрон тойрон буцаад ир
Хөрст газар хүрмэгц
Хүслийг минь биелүүлээрэй
Ээжийн хайртай ваар бүтэн болтугай!

хэмээн шивгэнэлээ. Хэлж амжаагүй байтал л ваарны хэлтэрхийнүүд бие биетэйгээ нийлж бүтэн боллоо. Ээж нь галын өрөөнөөс гүйж иртэл хайртай ваар нь юу ч болоогүй мэт байрандаа л байж байв. Ямартаа ч ээж нь Женяг мэдээтэй байгаарай гэж хуруугаа занган зандраад гадаа гарч тогло гэв. Гадагш гартал хөвгүүд элсэнд бургас хатгаж, хуучин банзан дээр сууцгаан Папанинчууд болон тоглож байв. “Хөвгүүд ээ! Намайг тоглоомондоо аваач?” гэтэл
хөвгүүд “Чи яах гээв! Хойд туйл гэдгийг харахгүй байна уу? Хойд туйлд бид охидыг авахгүй ээ” гэцгээв. “Ямар гээчийн хойд туйл вэ? Нэг муу банз л байна ” гэж Женя хэлэв. Хөвгүүд “Банз бишээ, энэ чинь мөс байхгүй юу. Цаашаа яв, битгий саад болоод бай. Бид нар хүчтэй
шахалтанд орчихоод байна!” гэлээ. “Тэгэхээр, авахгүй юм биз дээ?” гэхэд “Авахгүй ээ. Цаашаа яв!” гэв. Женя “Тэгж л бай! Би та наргүйгээр яг одоо хойд туйл дээр очино доо. Харин та нарынх шиг ийм биш, яг жинхэнэ дээр нь очино. Таануусых чинь муурын сүүл, за юу.” гээд тэднээс бага зэрэг холдож хаалганы тэнд зогсоод ид шидийн долоон дэлбээт цэцэгнээсээ хөх дэлбээг таслан хийсгээд,

Нис нис дэлбээхэн
Өрнийг дамжин дорно хүртэл
Умардаар дамжин өмнөдөөр дамжин
Тойрон тойрон буцаад ир
Хөрст газар хүрмэгц
Хүслийг минь биелүүлээрэй
Яг одоо хойд туйл дээр очтугай хэмээн шившлээ. Хэлж дуусаагүй байтал хаанаас ч юм бүү мэд хуй салхи гарч, нарыг халхлан шөнө болж, газар дэлхий хөл доор эргүүлэг мэт эргэлдэж гарав.

Зуны даашинзтай хөл нүцгэн Женя хойд туйл дээр гав ганцаараа зогсож байв. Харин тэнд жавар тачигнаж 100 хэмийн хүйтэн байлаа. "Ээж ээ, хөлдөх нь ээ" гэж Женя хашгираад уйлж эхлэв, харин нулимс нь тэр дороо мөс болон хувирч цоргоноос гоожсон мэт хамарнаас нь унжин тогтжээ. Ингэж байтал мөсөн уулнуудын цаанаас нэг нь нөгөөгөөсөө аймаар долоон цагаан баавгай гарч ирээд шууд охиныг чиглэн айсуй: эхнийх нь бухимдсан, хоёр дахь нь зэвүүн муухай, гурав дахь нь дугуй малгайтай, дөрөв дэхь нь эцэнхий, тав дахь нь гуринхай, зургаа дахь нь цоохортсон, долоо дахь нь бусдаасаа том. Ухаан алдатлаа айсан Женя бээрсэн гараараа долоон дэлбээт цэцгээ авч ногоон дэлбээг таслан хийсгээд байдаг чадлаараа:

Нис нис дэлбээхэн
Өрнийг дамжин дорно хүртэл
Умардаар дамжин өмнөдөөр дамжин
Тойрон тойрон буцаад ир
Хөрст газар хүрмэгц
Хүслийг минь биелүүлээрэй
Яг одоо хашаандаа эргэн очтугай

гэж хашгирлаа. Яг тэр мөчид хашаандаа эргээд ирсэн байв. Гэтэл хөвгүүд түүнийг харж шоолон инээлдэж:
- Чиний нөгөө хойд туйл чинь тэгээд хаана байна даа?
- Би тэнд байж байгаад ирлээ
- Бид нар хараагүй юм чинь батал  л даа
- Хар л даа. Миний хамарнаас одоо хүртэл мөс унжиж байна.
- Энэ чинь мөс биш, харин ёстой муурын сүүл л байх даа

Женя гомдож хөвгүүдтэй тоглохоо болихоор шийдээд өөр хашаа уруу охидтой тоглохоор явлаа. Хүрж ирээд хартал охид янз бүрийн тоглоомоор тоглож байв. Нэг нь хүүхдийн тэргээр, нөгөө нь бөмбөгөөр, өөр нэг нь дээсээр, бас нэг нь гурван дугуйтаар, нэг охин бүр сүрлэн малгайтай, гуталтай том ярьдаг хүүхэлдэйгээр тоглож байлаа. Женя өөрөө өөртөө өрөвдөлтэй санагдав. Бүр атаархсанаасаа болоод нүд нь ямааных шиг шар болчихов. “За яахав, хэнд нь тоглоом байдгийг үзүүлээд өгье л дөө” гэж бодоод долоон дэлбээт цэцгээ гаргаж улбар шар дэлбээг нь таслан хийсгээд:

Нис нис дэлбээхэн
Өрнийг дамжин дорно хүртэл
Умардаар дамжин өмнөдөөр дамжин
Тойрон тойрон буцаад ир
Хөрст газар хүрмэгц
Хүслийг минь биелүүлээрэй
Дэлхийн бүх тоглоом минийх болтугай

хэмээн шившлээ. Яг тэр мөчид л хаанаас ч юм бүү мэд тоглоомууд тал талаас гарч ирэн Женя уруу зүтгэлээ. Эхлээд мэдээж хүүхэлдэйнүүд, тэд нүдээ чанга чанга анивчин гүйлдэн ирж "аав-ээж”, "аав-ээж" хэмээн дуу нийлүүлэн хашгиралдав. Женя эхлээд маш их баяртай байсан ч удалгүй хүүхэлдэйнүүд маш олон болж хашааг нь дүүргээд гудам, хоёр гудамж, талбайн хагасыг хүртэл дүүргэчихэв. Хүүхэлдэй дээр гишгэчихгүйн тулд алхам хөдлөх ч боломжгүй боллоо. Таван сая ярьдаг хүүхэлдэйнүүд эргэн тойронд ямар гээчийн дуу чимээ гаргахыг төсөөлөөд үз дээ. Яаж ч бодсон түүнээс багагүй л байсан даа. Гэтэл энэ чинь зөвхөн Москвагийн хүүхэлдэйнүүд шүү дээ. Ленинград, Харьков, Киев, Львовын болон бусад Зөвлөлтийн хотуудын хүүхэлдэйнүүд тоть мэт чалчин гүйлдэж улсын бүх замыг дүүргэж амжаагүй л байна. Женя бүр айж эхлэв. Гэтэл энэ зөвхөн эхлэл байжээ. Хүүхэлдэйнүүдийн араас бөмбөгнүүд өнхөрч, агаарын бөмбөлөг, гулгагч, гурван дугуйт, трактор, машин, танк, хөлөг, буу гээд цуварч гарав. Олс дээс газраар могой мэт мөлхөж, түүнд нь бүдэрсэн хүүхэлдэйнүүд улам ч чангаар хашгирна. Агаарт сая сая тоглоомон онгоц, агаарын хөлөг, моторгүй шунгагч нисэлдэнэ. Хөвөнгөөр хийсэн шүхэрчид тэнгэрээс алтанзул цэцэг шиг л унаж телефон утасны шугам, моддод тохогдон унжина. Хотын замын хөдөлгөөн зогслоо. Замын цагдаа гэрлийн шонд авиран гарч яахаа мэдэхгүй байв. Айсан Женя "Хангалттай, хангалттай!" толгойгоо даран хашгираад "Юу вэ энэ чинь! Надад ийм олон тоглоом хэрэггүй. Би тоглосиймаа. Аймаар юм." гэлээ. Гэсэн ч юу ч өөрчлөгдсөнгүй. Тоглоомууд унаж ирсээр л байв. Хот аль хэдийн дээврээ хүрэл тоглоомонд дарагджээ. Женяг шатан дээр гарсан ч, тагтан дээр гарсан ч, дээврийн хөндий уруу гарсан ч тоглоом дагаастай. Тэгэхээр нь Женя дээвэр дээр үсэрч гараад хурдхан ягаан дэлбээг таслан хийсгээд:

Нис нис дэлбээхэн
Өрнийг дамжин дорно хүртэл
Умардаар дамжин өмнөдөөр дамжин
Тойрон тойрон буцаад ир
Хөрст газар хүрмэгц
Хүслийг минь биелүүлээрэй
Тоглоомууд бушуухан дэлгүүртээ эргэн очтугай
хэмээн шившлээ. Тэр даруйд бүх тоглоом алга болов.

Женя долоон дэлбээт цэцгээ хартал ердөө ганцхан дэлбээ үлдсэн байлаа. "Бас ч гэж нэг ширхэг байна шүү! Зургаан дэлбээгээ ямар ч хэрэггүй үржээ. За яахав. Одоо бодолтойхон шиг байя даа" гээд гадаа гарлаа. Тэгээд: "Ер нь дахиад илүү юу хүсдэг юм билээ? Өөртөө хоёр кг баавгайтай чихэр авдаг юм билүү. Үгүй ээ, хоёр кг хүлхдэг чихэр нь дээр юм байна. Бүр эсвэл... ингэсэн нь дээр юм байна: хагас кг баавгайтай чихэр, хагас кг хүлхдэг чихэр, зуун гр халва, зуун гр самар, тэгээд... яг зөв, Павликт нэг ягаан шүүшиг. За байз, ингэж авсны хэрэг байна уу. Аваад л идэж орхино. Юу ч үлдэхгүй. Үгүй ээ, өөртөө гурван дугуйт авсан нь дээр юм байна. Гэхдээ яах гэж? За жаахан унана биз. Дараа нь яах уу? Хөвгүүд булаагаад уначихна шүү дээ. Тэгснээс кино юмуу цирк үзэх тасалбар хүсье. Хөгжилтэй л байх байх. Магадгүй, шинэ сандаал авдаг ч юм уу. Циркээс ч муугүй л дээ. Гэхдээ үнэндээ шинэ сандаал аваад ч яах юм билээ. Үүнээс хамаагүй илүү юм хүсэж болно шүү дээ. Хамгийн гол нь, яарах хэрэггүй." хэмээн бодолхийлэн алхаж явлаа.

Ингээд явж байтал гэнэт нэг нүдэнд дулаахан хөвгүүн хаалганы дэргэд вандан сандал дээр сууж харагдлаа. Тэр хүү том цэнхэр, хөгжилтэй ч бас даруухныг илтгэсэн нүдтэй байв. Харваас зодоон хийдэггүй нь илт, сайн хүү санагдсан тул Женя түүнтэй танилцахыг хүслээ.
Охин огтхон ч жийрхэлгүйгээр хоёр салаа гэзэгтэй царай нь хөвгүүний нүдэнд тов тод тусаж харагдахаар тийм ойрхон дөхөж очлоо.
- Чиний нэрийг хэн гэдэг вэ?
- Витя. Харин чинийх?
- Женя. Хөөцөлдөж тоглох уу?
- Чадахгүй нь ээ, би доголон шүү дээ.
Женя түүний зузаан ултай үзэмжгүй гутал угласан хөл уруу хараад: "Ээ хөөрхий! Чи надад маш их таалагдсан болохоор чамтай гүйж тогломоор л байна." гэхэд Витя: "Чи ч гэсэн надад их таалагдаж байна. Би ч бас чамтай гүймээр л байна, даан ч боломжгүй л дээ. Юу ч нэмэргүй. Бүх л насаараа ийм байх нь." гэв. "Чи чинь юу гээчийн дэмий юм яриад байгаа юм бэ, жаал аа. " хэмээн Женя дуу алдаад халааснаасаа ид шидийн долоон дэлбээт цэцгээ гаргаж ирлээ. Харж бай! гэж хэлээд охин болгоомжтойгоор хамгийн сүүлийн цэнхэр дэлбээг таслан хормын төдийд нүд уруугаа ойртуулж барьснаа хуруунуудаа тэнийлгэн хийсгээд баярласандаа болж чичирхийлсэн нарийхан цээл хоолойгоор дуулж эхлэв:

Нис нис дэлбээхэн
Өрнийг дамжин дорно хүртэл
Умардаар дамжин өмнөдөөр дамжин
Тойрон тойрон буцаад ир
Хөрст газар хүрмэгц
Хүслийг минь биелүүлээрэй
Витя эрүүл болох болтугай!

Яг тэр агшинд жаалхүү сандлаасаа үсрэн босож Женятай уралдан тоглож, охин хичнээн хичээгээд ч гүйцэхээргүй тийм сайн гүйж гарав.

Валентин Петрович Катаев.

Эх сурвалж: http://www.skazochki.narod.ru/http://coilhouse.net/

0 comments:

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Холбогдох © 2013 Бидний тухай

Сайхан мэдээ тараагаарай :) Биднийг дурдаж бас дэмжээрэй. Баярлалаа.