~Сайхан үгс нь хэлхээтэй сувд мэт~

Хамгийн гоё

Хялбар хайлт


Биднийг дэмжээрэй


Танд баярлалаа. Сайн үг тарааж сайны үрийг тарьцгаая.

Шидэт үг

Урт цагаан сахалтай жижигхээн өвгөн нарны шүхрээрээ элсэн дээр ямар нэгэн юм зуран вандан сандал дээр сууж байв.

- Жаахан зай гаргаач, - хэмээн Павлик түүнд их л аягүй хэлэн сандалны ирмэг дээр ирж суулаа. Өвгөн зай гаргаад хүүгийн уурлаж, улайсан нүүр уруу хараад асуулаа:

- Хүү минь, юу болоов?
- Яасан? хэмээн Павлик өвгөн уруу муухай харав.
- Яагаа ч үгүй л дээ. Чи л харин хашгирч, уйлж, уурлаад байна шүү дээ...
- Өөр яах юм! - гэж хүү ууртайгаар бувтнаад - Би удахгүй гэрээсээ бүр явнаа гэлээ.
- Явж байгаа хэрэг үү?
- Явна! Тэр муу Ленкагаас л болж байгаа юм. - гээд Павлик гараа зангидлаа. Тэрэнд үзүүлээд өгөх байсан юм! Надад нэг ч будаг өгдөггүй! Өөрөө болохоор зөндөө их будагтай байж!
- Өгөхгүй байна гэж үү? Иймхэн юмнаас болж гэрээсээ зугтах хэрэггүй шүү дээ.
- Зөвхөн энэ ч биш. Эмээ намайг ганц лууван авсны төлөө гал тогооноос алчуураар хөөж гаргасан хэмээгээд Павлик гомдсондоо болон шуухитнаж эхлэв.
- Дэмий хэрэг! Нэг нь загнаад л нөгөө нь хөөрхийлөөд л гэж өвгөн хэллээ.
- Хэн ч намайг өрөвддөггүй ш дээ! - гэж Павлик хашгирав. - Ах завиар сэлэхээр явахдаа намайг авч явдаггүй. Би түүнд "Намайг авч явж байгаач дээ, би танаас хоцрохгүй байж чадна, сэлүүрийг чинь дөхүүлж өгнө, өөрөө завинд гараад суучихна." гэж хэлдэг л дээ. Павлик гараа зангидан сандал цохиод авав. Тэгээд гэнэт дуугай боллоо.
- Юу гэсэн хэл вэ, ах чинь чамайг авч явахгүй байна гэнээ?
- Та яахаараа бүгдийг асуугаад байгаа юм бэ?
Өвгөн урт сахлаа илбэн: - Би чамд туслахыг хүсэж байна. Нэг шидэт үг байдаг юм... гэв. Павлик амаа ангайлган гайхлаа. - Би энэ үгийг чамд хэлье. Гэхдээ сана: тэр үгийг хэлж байгаа хүнийхээ яг нүд уруу нь эгц ширтэн намуухан дуугаар хэлэх хэрэгтэй. Сайн тогтоогоорой - зөөлөн дуугаар, нүд уруу нь эгц ширтэн...

- Тэгээд ямар үг юм бэ?


Өвгөн хүүгийн чих уруу бөхийхөд зөөлөн сахал нь Павликын хацрыг шүргэв. Тэгээд ямар нэг юм шивнээд: - Энэ шидэт үг шүү. Гэхдээ түүнийг яаж хэлэхээ битгий мартаарай хэмээн чангаар нэмж хэлэв.

- Би хэлээд л үзье, - хэмээн Павлик жуумалзаад, - би яг одоо туршаад үзээдхэе гэв. Тэр огло харайн босоод гэр уруугаа гүйлээ. Лена ширээний ард суугаад зураг зурж байв. Түүний өмнө ногоон, цэнхэр, улаан будгууд тавиастай байна. Харин Павликыг хармагцаа тэр будагнуудаа хамж аваад гараараа нуучихлаа. "Өвгөн хуурчихсан байна!" гэж Павлик бодон гомдонгуй байсан ч -Нээрээ шидэт үг байгаа шүү дээ! гэдгээ саналаа.


Павлик эгчийнхээ хажууд дөхөж очоод гарнаас нь чангаахад Лена эргэж харлаа. Тэгмэгц Павлик нүд уруу нь ширтээд зөөлөн дуугаар хэлсэн нь: - Лена, надад нэг будаг өгөөч... гуйж байна... Лена гайхсандаа нүд нь орой дээрээ гарав. Тэгээд алгаа тэнийлгэн гараа ширээн дээрээс аваад түгдрэн: - Ям-рыг? гэлээ. -Цэнхэрийг , - гэж Павлик эмээнгүй дуугарлаа. Павлик будгийг аваад, гартаа барин, өрөөгөөр явж байгаад эгчдээ буцаагаад өгчихөв. Түүнд будаг хэрэггүй байсан юм. Одоо тэр зөвхөн шидэт үгний тухай л бодож байв. "Эмээ уруу очъё. Одоо яг хоол хийж байгаа. Хөөх болов уу, яах бол?" . Павлик гал тогооны өрөөний хаалгыг онгойлголоо. Эмээ нь халуун хуушуур хайраад гаргаж байв. Ач хүү эмээ уруугаа гүйн очиж хоёр гараараа үрчлээтэй улаан нүүрийг нь өөр уруугаа харуулан нүд уруу нь ширтээд шивгэнэв: - Надад нэг хуушуур өгөөч дээ... гуйж байна. Эмээ нуруугаа цэхэллээ. Шидэт үг түүний үрчлээ бүрээс нь, нүднээс нь, инээмсэглэлээс нь хүртэл туяаран цацарч байлаа. Халууныг л биз дээ, хонгор минь! - гэсээр хамгийн сайхан шаргалтсан хуушуурыг нь шилж байгаад өглөө.

Павлик баярлан харайж эмээгээ хоёр хацар дээр нь үнсэв. Тэгээд өвгөнийг санан "Шидтэн! Шидтэн!" хэмээн амандаа давтан давтан байв.

Үдийн хоолны үеэр Павлик чимээгүйхэн ахынхаа үг нэг бүрийг сонсон сууна. Ах нь завиараа явна гэж хэлэхэд Павлик мөрөн дээр нь гараа тавин зөөлхнөөр -Намайг аваад яваач дээ, гуйж байна гэлээ. Ширээний ард бүгд чимээгүй болов. Ах нь хөмсгөө өргөн инээмсэглэв.
- Түүнийг аваад явчихаач дээ, чамайг яав л гэж дээ хэмээн эгч нь гэнэт дуугарав.
- За, яахаараа авч явахгүй байх билээ? Аваад яв, аваад яв гэж эмээ нь инээмсэглэн нэмэв.
- Гуйж байна, - гэж Павлик давтлаа.
Ах нь чангаар инээн хүүгийн мөрөн дээр алгадан үсийг нь арзайлгаад: - За яахав, аялагч минь! Бэлд дээ! гэв.

"Тус боллоо! Дахиад л тус боллоо!" Павлик ширээний ардаас үсрэн босож гудамжинд гүйн гарлаа. Харин нөгөө өвгөн цэцэрлэгт байсангүй. Вандан сандал хоосон, элсэн дээр нарны халхавчаар бичсэн учир битүүлэг тэмдэгтүүд л үлдсэн байв.

В. Осеева
  Эх сурвалж: http://nsportal.ru/


0 comments:

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Холбогдох © 2013 Бидний тухай

Сайхан мэдээ тараагаарай :) Биднийг дурдаж бас дэмжээрэй. Баярлалаа.